Шар нохойн там

                                    Шар нохойн там
Ирмэг дээрээс нь өнгийхөд
Зүрх уулгалам
Эгц цавчим нүх
Хүнхийж харлана
Хүн бүр хэл
Чоно ч гарамгүй там
Хүрэх нь бүү хэл
Харц дальдрам там
Гарц ч үгүй орц үгүй
Галав эртний аймшиг
Галан далан цалгисны
Газар  хуйхалсан гамшиг
Там гэсний учрыг
Мэдэж цөхөх юмгүй ээ
Тамтгаа алдсан нэгийг л
Шидэж баймаар дамшиг 

Насан багын диваажин

                                 Насан багын диваажин
Гэрийн минь зүүхэн урд
Хэсэгхэн цагаан дэрс байх
Гэнэт гэнэт хааяа
Хээрийн салхинаа цэлсхийх
Өглөөний улаан нар
Дэрсэн дундаас сугарахдаа
Өнгөлөг торгон намиагий нь
Илбэн илбэн мандах
Цагаан дэрс тэгсхийгээд
Нойрноос сэрэн дэрвэлздэгсэн
Цацаг түрүү бүхнээ
Наранд тэврүүлэн сэрвэлздэгсэн
Хээрийн тэр л дэрсийг
Хэрлэнгийн шугуй шиг санаж явдаг аа
Бор борхон өөдөс хэдэн болжморын ч
Бондгорхон үрс шигээ хайрлаж суудаг аа
Буурал суусан хойноо
Санан дурсахад цовоожин
Булган хонгор говийн
Насан багын минь диваажин
Цагаан дэрс 

Чулуут гол

                                     Чулуут гол
Хадан хавцлыг
Цуу татан цахилсан
Хүрмэн ханыг
Хүү татан цамнасан
Чулуутын догшин гол
Хаданд ноцсон гал юм
Цурамхийх завгүй харайсан
Хангал агтын дэл юм
Сэрвээгий нь зайдалсан үүлсийг
Цовхочсон  боргиондоо сэмлэнэ
Сэрүүн хангайхаа нарыг
Цоо эмнэг шиг булгина
Шаргин  шаргин шуугих
Навчсын шаргал бороон доогуур
Үелэн үелэн найгах
Намрын мөнгөн шугуй дундуур
 Чулуу чулуудыг
Хүлхэн хүлхэн довтолно
 Цухалхан  хавцлаа
Түлхэн түлхэн догширно
                   Онгод орохуй цаг дор
                   Омголон голыг харж 2007 он Э Хархүү

Хорго

          Хорго
Галав эриний тэртээ
Галаар тургисан Хорго
Газар дэлхийг хуйхалж
Дөлөөр дургисан Хорго
Тосон далай шиг хайлмагаар
Орчин тойрноо царджээ
Тонн тонн чулуугаар
Жонглёр тоглон нааджээ
Хүнхэр том тогоо
Үүсэж тогтсон нь үлгэр
Хүрмэн чулуун далай
Хөрлөж царцсан нь үзмэр
Шар нохойн там-ыг
Хорго бүтээсэн
Хар нүхэн агуйг ч
Хорго урласан
Хамаг байдагаа юүлээд
Тамираа тэр барж
Хатан байгалийн жамаар
Өрхөө бүр бүтээж
Бүтэн галавын тэртээг
Бүүр түүрхэн зүүдлэх мэт
Хорол алтан нарны доор
Хоргын уулс зүүрмэглэнэ
                   Хоргын тогооны амсар дээр хөлчүүрэнгүйхэн сууж тэрлэвэй 2007он Э.Хархүү

Үүр шөнийн шүлэг

    Үүр шөнийн шүлэг
Шаргал үүлсийн цаагуур
Шөнөжин ергисөн саран
Шанхын уулын сэрвээн дээр
Өеөдөн зүүрмэглэжээ
Шандан даавуу дээлээ
Хувааж нөмөрсөн хос
Шаа торгон хөшигний ард
Зүр гур шиг нойрсчээ
              2008 он Э.Хархүү

Дурсамж

               Дурсамж
Шивхнүүхэн хос мориор
Гурван өртөөг туулахдаа
Шивээн саадаг гялалзсан
Говь талынхаа энгээр
Ардын яруу дууныхаа
Аянд нь бүүвэйлүүлэнхэн
Алжаал юугаа үргээсээр
Алсын харгуйг эвхдэгсэн
Эр суран жолоог
Дугтран дугтран тэмүүлэх
Эрдэнэт уран хүлгийнхээ
Дураар урсах хатираанд
Дуулсан дууны минь эгшиг
Улам улам гангараад
Дуниарт номин талдаа
Сэтгэл уяран ээнэгшээд
Энэ л уудам хөдөөгийн
Эзэн нь юм шиг явсан
Аагьтай залуу нас
Амрагийн гоёхон зүс
Тавин жилийн хойно ч
Шив шинэхнээрээ санагдваа
Таанын хонгор сэвшээ нь
Сэвхийн үлээх шиг бодогдвоо
            Тэрх- Улаанбаатар 2007он Э.Хархүү

Шар хад

             Шар хад
Шар хаданд би очлоо
Шархдах мэт зүрх цочлоо
Эхэр татсан амьсгал
Эцсийн горьдлого итгэл
Энд дууссан гэнэм
Үсэрсэн цусны үнэр
Исгэрсэн сумны мөр
Энд үлдсэн гэх юм
Үүр шөнийн заагаар
Үргэж цочсон цочил нь хэвээр
Буудсан сумны улилтанд
Бут үсэрсэн ором нь хэвээр
Эх орноо гэсэн
Эгэл сайхан эрсийн
Эрхт төрөө гэсэн
Эрхэм сайхан үрсийн
Сүүлчийн үгийг сонссон
Сүрлэг хадад нулимстай байна
Сүүгэх салхины хөлд
Сүүрс алдан гунигтай байна
Төрийн сайд ч тэр
Жирийн тайж ч тэр
Эрлэгийн хүйтэн суманд
Эрсдэн унахдаа
Эцсийн тэр мөчид
Ижийгээ л бодоо доо
Шар хадны дээгүүр
Шар солонго татаад байна хө
Шар уургаа шимүүлсэн
Ээжээ бодохлоор дэн дун аа хө
Өрөвдөл харууслын энэ аялгуунд
Өр зүрх цуурсан байх
Хагацлын нулимстай дуунд
Хад чулуу үйрсэн байх
Эвий сайхан үрсийн
Эцсийн дуу энэ юм
Ээжээ гэсэн хайртайгаа
Энд шингэн үлджээ
Хайран сайхан эрсийн
Хагацлын дуу энэ юм
Харалган төрийн эздээс
Хариу нэхэн мөнхөрчээ
             2007 он Э.Хархүү

Намрын өглөө овоон дээр суух шиг

                       Намрын өглөө овоон дээр суух шиг
Тэмээн тэшээ шиг өдөр өдрийн жигдхэн урсгалд
Тэрлэг дээл минь гандаж онгож л явна даа
Тэнгэрийн доор хувь тавилангийн салхинд
Энгэрийн цэцэг шиг сэтгэл минь гундаж жиндэж л явна аа
Тэгэвч хүмүүн гэдэг босоо цагаан заяaтай
Тэгшрэн жаргах бодол ухааны цараатай
Эгнэгт өсөж өөдөлж явахын золбоотой
Энэхэн замбуулингийн өлзий оршсон хийморь оо
Намираа торгон бороонд дэлхий сэргэх шиг
Нарандэлгэр бүсгүйг тэврэн жаргах шиг
Нанчдын дээдийг сөгнөн орчлонг бясалгах шиг
Намрын тунгалаг өглөө овоон дээр суух шиг
Санаа болоод сэтгэлээр жигүүр юугаа дэлгэж
Сар нарны орчилд жаргак л явна аа би
Саруул гэгээн амьдралыг ачилж хайрлаж яваарай гэж
Сайхан төрсөн хүүхдүүддээ захиж л сууна аа би
                       Дорноговь Хатанбулаг сум 2007 он

Сайхан бүсгүй

           Сайхан бүсгүй
Энгэрийн чинь гурван товчийг
Харцаараа мулталмаар
Эрх л цагаан цээжийг чинь
Ханатал тэвэрмээр
Эгдүүтэйхэн гоё амьтан юмаа чи
Суунаг цэнхэр талын
Зээр төөрөм алс руу
Суман халиуныхаа нуруунд
Сундалж аваад зугатмаар
Сайхан бүсгүй юмаа чи
Асгартал ганц уйлуулаад
Аргадаж өмнө нь сөгдмөөр
Алтан жүнзтэй дарсыг
Амталж хувааж хүртмээр
Адтайхан бүсгүй юмаа чи
Сулиран задрах гэзгийг чинь
Дэрэн дээрээ асгаруулж
Суусар булган хөнжилд
Мишээлгэж баймаар бүсгүй юмаа
Сувдын чамин хэлхээг
Уран хүзүүнд чинь сондорлуулан  
Суугуул цагаан гэртээ
Хуримлаж суумаар бүсгүй юмаа
                              Э. Хархүү

ЯРУУ НАЙРАГЧ

   ЯРУУ НАЙРАГЧ
Алд алдын гүнрүү яргаж хавсан загийн үндэс
Амьсгалах мэт усан судал шимэн хөхөх чимээг би сонсдог
Зуны мөнгөн одод сансрын зайд хоорондоо ирмэлцэн дохиолж
Зуун гэрлийн жилийн чанадаас хэл авалцах авиаг бас сонсдог
Өдөр нь зөрөөд өнгөрсөн ялдам инээмсэглэлт хонгор бүсгүй
Өнгөлөгхөн  элсэн дээр бэлхүүс задгай алхаж явахыг сэтгэлдээ би хардаг
Мянган жилийн тэртээх өвгөдийн минь гэгээн сүнс
Мяралзах он цагийн цаанаас намайг  харж байгааг би мэдэрдэг
Сэтгэлийнхээ толинд энэ бүгдийг ямх ямхаар халиадаг  болохоор
Сэлүүн хорвоод би найрагч болж төрсөн

2008 но Э Хархүү

(Нийт: 10)